Pages

Tuesday, November 19, 2013


Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай 14 төрлийн хүнс

 

Эрдэмтдийн судалгаагаар хавдрын өвчин үүсгэгч шалтгаануудын 5-10 % нь дотоод хүчин зүйлээс буюу удамшил, даавар, дархлааны өөрчлөлтөөс шалтгаалж, үлдсэн 90-95% нь гадаад хүчин зүйл буюу хүмүүсийн өөрсдийн дадал, амьдралын буруу хэвшлээс шалтгаалдаг нь тогтоогджээ. Зохисгүй хооллолт, архи тамхи хэрэглэдэг эсэх, газар зүйн аль бүсэд амьдарч, хэр хортой, бухимдалтай нөхцөлд ажиллаж байгаа эсэх, халдварт өртөмтгий байдал гэх мэт гадаад хүчин зүйлүүдийн дотроос зохисгүй хооллолт хамгийн өндөр хувьтай байгаа нь анхаарууштай.

Хоол хүнсээ зөв зохицуулж, зөв бэлтгэж шинэлэг байдлаар идэж хэрэглэхэд бүх төрлийн хорт хавдраас 30-40% сэргийлэх боломжтойг эрдэмтэд тогтоожээ.
Ялангуяа ургамлын гаралтай хүнсэнд бусад малын гаралтай мах, сүүнд байдаггүй фито шимт бодисууд агуулагддаг. Эдгээр бүлэг бодисууд нь хорт хавдрын эсрэг, үжлийн эсрэг, халдварын эсрэг, үрэвслийн эсрэг гэх мэт үйлчилгээг биед үзүүлдэг. Эрдэмтэд одоогийн байдлаар дэлхий дээр 10000 түүнээс илүү олон төрлийн фито шимт бодисууд байгаа гэж үзэж байна.

Дараах мэдээллээс та сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүнгээр батлагдсан хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх болон бууруулах шинж чанартай хүнсний шимт бодисуудын талаар тодорхой ойлголт авах болно.

 

Хорт хавдар үүсч хөгжихөөс хамгаалах үйлчилгээтэй хүнс

 

1. Эслэг агуулсан хоол хүнс

Эдгээрт бүх төрлийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүхэл үр тариа (бүхэл үрийн гурил, улаан буудай, хивэг, овьёос, хөх тариа), буурцагтан (шош, вандуй, шар буурцаг), амтлагч ногоонууд орно. Эдгээр хүнсний зүйлүүд бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлдэг. Эслэг нь дотроо уусдаг, уусдаггүй гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байдаг.
Уусдаггүй эслэг нь хоолны бөөн ходоод гэдсээр дамжин өнгөрөх хугацааг удаашрахаас сэргийлэх, ходоод гэдэсний замд үүссэн хорт бодис, хорт хавдар үүсгэгч хүчин зүйлүүдээс хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Уусдаг эслэг нь бүдүүн гэдсэнд оршигч бичил биетний нөлөөгөөр задарч бүдүүн гэдэсний ханын эсүүдэд ашигтай богино гинжит тосны хүчлийн үүсэлтэд оролцдог байна.

 

2. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолой, ходоодны хорт хавдраас сэргийлдэг (жимс жимсгэнэ сайн хэрэглэх нь уушгины хорт хавдраас мөн сэргийлдэг). Учир  нь хүнсний ногоо, жимс жимсгэнэд маш олон төрлийн биологийн үнэт нэгдлүүд агуулагддаг.
Исэлдэлтийн эсрэг нэгдэл буюу С аминдэм, бета каротин нь эсийн удамшлын мэдээллийг гэмтээгч хортой атомуудаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. Эсийн удамшлын мэдээлэл гэмтсэнээр эрүүл эд эсээс хэвийн бус хуваагдалтай хорт хавдрын эс болж хувирдаг.
Хүнсний ногоо жимсэнд фито шимт бодисууд агуулагддаг. Эдгээр нь дархлалын тогтолцоог хүчирхэгжүүлж, хэвийн ажиллагааг хангаснаар хорт хавдар үүсэх үйл явцыг саатуулдаг. Мөн гэмтсэн эсийн удамшлын мэдээллийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг.  
Жимс хүнсний ногоо нь хүнсний уусдаг болон уусдаггүй эслэгээр баялаг байдаг.
Жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь илчлэг багатай учраас жин нэмэхээс (жингийн илүүдэл, таргалалт нь олон өвчний суурь болдог) хамгаалснаар хорт хавдрын урьдчилан сэргийлэлтэд онцгой ач холбогдолтой байдаг.

 

3. Бета-каротин агуулсан хүнсний ногоо жимс жимсгэнэ.

Шар лууван, шар хулуу, амтат төмс, манго, тоор, чангаанз, канталоп, амтат гуа гэх мэт ногоо жимс нь бета каротин ихээр агуулдаг. Улаан хоолойн хорт хавдраас сэргийлдэг. Бета каротин нь хорт хавдраас сэргийлэх эсийг хамгаалах (антиоксидант) үйлчилгээ үзүүлдэг. А аминдэмийн урьтал нэгдэл учраас биед орсны дараа А аминдэмд хувирч дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй ферментүүдийг идэвхжүүлдэг байна.

 

4. Байцааны төрлийн ногоо

Брокколи, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, бруссель байцаа, бууцай гэх мэт ногоон өнгөтэй ногоонууд. Эдгээр нь бүх төрлийн хорт хавдраас сэргийлдэг ба хорт хавдар үүсгэх хүчин зүйл, хорт нэгдлүүдээс бие махбодыг хамгаалах нэгдэл агуулж байдаг.

 

5. Сонгины овгийн ногоо

Ногоон сонгино, бөөрөнхий сонгино, бүдүүн ногоон сонгино, мангир, жууцай гэх мэт ногоо ялангуяа ходоод, уушгины хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Эдгээрт агуулагдах хүхэрт нэгдэл (хурц үнэрийг үүсгэдэг) нь хорт хавдар үүсгэгч хүчин зүйлүүдийг саармагжуулах, хамгаалах ферментүүдийг үүсэлтийг эрчимжүүлснээр ходоодны хорт хавдраас сэргийлдэг. Сонгины төрлийн ургамалд ялангуяа уушгины хорт хавдраас сэргийлэх нөлөөтэй кверцетин хэмээх бодис агуулагддаг.

 

6. Сармис

Сармис нь бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлдэг. Сармисанд аллицин хэмээх хүхэрт нэгдэл агуулагддаг. Энэхүү бодис бүдүүн гэдэсний ханын эсийг хорт хавдар үүсгэгч бодисуудын хорт нөлөөнөөс хамгаалж, хавдрын эсийн ургалтыг зогсоодог байна. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүснээр дам хорт хавдрын үйл явцыг саатуулж байдаг.

 

7. Ликопин

Улаан лооль (помидор), тарвас, амтат гуа, гуава жимс, ягаан усан үзэм, улаан амтат жүрж (кровавый апельсин). Эдгээр жимс ногоо нь түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Учир нь эдгээрт агуулагдах ликопин эсийг хамгаалах үйлчилгээ өндөртэй (маш хүчтэй антиоксидант) байдаг. Мөн хорт хавдрын эс олширч хуваагдахаас сэргийлэх, сармисны нэгэн адил үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр дархлааг сайжруулдаг байна.

 

8. С аминдэмээр баялаг жимс хүнсний ногоо

Халуун чинжүү, байцаа, цэцэгт байцаа, бруссель байцаа, бууцай, цоо байцаа, цитрусын төрлийн жимс, киви, гуава, гүзээлзгэнэ С аминдэмээр баялаг байдаг. Эдгээр нь улаан хоолойн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Б аминдэм буюу аскорбины хүчил нь усан уусамтгай шинж чанартай антиоксидант бөгөөд биеийн ус ихээр агуулсан эд эрхтэнд илүүтэй чөлөөт радикалыг устгаж, эд эсийн бүрэн бүтэн байдлыг хангаж байдаг.

 

9. Селен эрдсээр баялаг хүнс

Туна загас, өндөгний шар, үхэр, хонь, тахианы элэг, бразил самар селенээр баялаг байдаг. Селен агуулсан эдгээр хүнс түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг. Учир нь селен бие махбодод антиоксидант ферментийн үүсэлтэд оролцдог. Антиоксидант фермент нь эсийн удамшлын мэдээлэл гэмтээгч чөлөөт радикалуудаас хамгаалдаг байна.

 

10. Фолийн хүчлээр баялаг хүнс

Бүхэл үр тариа, ногоон навчит ногоо (бууцай, байцаа, брокколи, гоньд, яншуй), хүрэн манжин фолийн хүчлийг (В9 аминдэм ч гэж нэрлэдэг) ихээр агуулдаг. Эдгээр хүнсний зүйлүүд нойр булчирхайн хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй байдаг. Фолийн хүчлийн энэ үйлчилгээний механизмыг хорт хавдар үүсгэгч генийг дарангуйлах үйлдлээр тайлбарладаг. Мөн фолийн хүчил нь удамшлын мэдээлэл хуулбарлагдах явцад чухал үүрэгтэй оролцож, эсэд хэвийн биш хувирал гарахаас сэргийлдэг байна.

 

11. Кальци эрдсээр баялаг хүнс

Сүү, сүүн бүтээгдэхүүнээс гадна бөөрөнхий байцаа, брокколи, гүйлс самар, гүнжидийн үр, тахини (гүнжидийн үрээр хийсэн нухаш бөгөөд газар дундын тэнгис орчмоор амьдардаг хүмүүс хоолондоо өргөн хэрэглэдэг) гэх мэт хүнс кальциар баялаг. Эдгээр бүтээгдэхүүн бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөөтэй.  Сүү сүүн бүтээгдэхүүн нь кальциас гадна Д аминдэмийг агуулдаг. Энэ хоёр шимт бодис нь эсийн хэвийн хуваагдлыг нөхцөлдүүлж, хорт хавдрын эсийн идэвхжлийг саатуулах, бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн эвдрэлийг хурдасгадаг. Кальци нь гэдэсний цочролоос сэргийлж, гэдэсний эсийн хуваагдлын хурдыг зохицуулснаар мөн хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг.

 

12. Буурцагтан ургамал, шар буурцаг

Шош, вандуй, галт шил (мэшил ч гэж нэрлэдэг) нь буурцагтан ургамлууд юм. Шар буурцаг болон буурцагт ургамлуудыг өргөнөөр хэрэглэдэг Хятад, Япон зэрэг Азийн орнуудад хөх, давсаг, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл бага байдаг байна. Мөн маш олон судалгааны дүнгээр буурцгийн төрлийн ногоо,түүгээр хийсэн бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байх нь ходоод, бүдүүн шулуун гэдэс, түрүү булчирхай, уушгины хорт хавдарт өртөх эрсдлийг бууруулдаг нь тогтоогджээ. Буурцгийн төрлийн ургамалд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй усанд уусдаг эслэг гэх мэт олон ашигтай нэгдэл агуулагддаг. Мөн улаан шош, вандуй, галт шил, шар буурцагт хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй фито шимт бодисууд ихээр агуулагддаг байна.

 

13. Оливын тос (Чидун жимсний тос)

Газар дундын тэнгис орчмоор амьдардаг хүмүүс өдөр тутам оливын тосыг хэрэглэдэг онцлогтой бөгөөд эдгээр хүмүүс хорт хавдар түүн дотроо бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар бусад орны хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага өвддөг нь ажиглагдсан байна.

 

14. Цагаан гаа, гүргэм (куркума)

Гүргэм болон түүний нунтаг нь арьс, ходоод, нарийн гэдэсний, хэлний, бүдүүн гэдэсний, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсч хөгжих үйл явцыг саатуулах үйлчилгээтэйг маш олон судалгааны дүн баталсан байдаг.
Мөн цагаан гаанд агуулагдах гингерол хэмээх бодис нь цагаан гааны өвөрмөц амтыг үүсгэх ба бүдүүн гэдэсний хорт хавдрын эсийн ургалтыг саатуулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Цагаан гааг хоолондоо хэрэглэж байх нь бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна эмчилгээний ач холбогдолтой байдаг.

 

Зөвхөн зохистой хооллоод зогсохгүй:

Хорт хавдрын эрсдлийг бууруулах дадал зуршлууд:

1. Идэвхтэй хөдөлгөөн: идэвхтэй хөдөлгөөн нь бүдүүн болон шулуун гэдэс, хөх, үтрээний хорт хавдарт өртөх эрсдлийг бууруулдаг нь батлагдсан зүйл юм.
2. Эхийн сүүгээр хооллох: хүүхдээ хөхөөр хооллосон эмэгтэйчүүд хөхний хорт хавдарт өртөх эрсдэл бага байдаг.
3. Биеийн жин ба өөхний хувь: илүүдэл жин, өөхний эзлэх хувь өндөр байх нь улаан хоолой, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, хөх, үтрээ, бөөрний хорт хавдар тусах эрсдлийг ихэсгэдэг байна.

 

Хорт хавдрын үүсэлт хөгжлийг нэмэгдүүлдэг хүнс

 

1. Улаан мах, боловсруулсан мах махан бүтээгдэхүүн.

Үүнд бүх төрлийн хиам, зайдас, хөлдөөсөн махан бүтээгдэхүүн орно. Эдгээр хүнс ялангуяа бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг. Улаан мах буюу бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг малын мах нь хорт хавдар үүсгэгч хүчин зүйлүүдийг агуулж байдаг. Улаан махыг өндөр температурт шарах, хайрах үед хортой нэгдлүүдийн хэмжээ нэмэгддэг. Мөн хиам, хөлдөөсөн махан бүтээгдэхүүнд эдгээр бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр бодис аятайхан улаан ягаан өнгө үүсгэж, махан бүтээгдэхүүнд бактер үржихээс сэргийлж, удаан хадгалалт даах шинж чанартай болгодог ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

 

2. Архи

Амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Архи биед орсны дараа шартуулах шинж өгдөг ацетальдегидад хувирдаг ба энэ нь эсийн удамшлын мэдээлэлд засаршгүй гэмтэл үүсгэсээр байдаг. Мөн архи уух үед бусад хорт бодис, тухайлбал тамхины утааны хор биед шингэх үйл явцыг нэмэгдүүлдэг байна. Мөн архи уух үед эстрогены хэмжээ нэмэгддэг учраас хөхний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Архи байнга хэрэглэдэг хүмүүст хөхний хорт хавдар тусах эрсдэл 7-11% нэмэгддэг байна.

 

3. Давс, нунтаг шөл, жан, кетчуп, боловсруулсан хүнс

Эдгээр нь ходоодны хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Давс их агуулсан хүнс ходоодны хорт хавдрын эрсдлийг 10 % нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
ХСҮТөвийн эмчилгээний хоолзүйч Д.Зулгэрэл         2013 оны 11 дүгээр сарын 19

Monday, June 3, 2013

Ногоон ногоо ба хоргүйжүүлэлт

“Өглөө хаан шиг
Өдөр энгийн ард шиг
Орой гуйлгачин шиг хоолло” гэсэн үг байдаг.
Харин орчин үеийн монголчууд бид уламжлалт хоолоороо ч биш, барууны хоолоор ч биш энэ үгийн эсрэгээр хооллож байна. Өглөө өлөн гарсан ходоод өдрийн турш ажилллах эрч хүч муутай байх ба хагас дутуу идсэн өдрийн хоол, хэтрүүлэн идсэн оройн хоол л өвчлөлийн гол шалтгаан болсоор байна!

Биед яаж хорт бодис хуримтлагддаг вэ?

"Өвчин амаар ордог" гэдэг. Бид хоол хүнснийхээ чанар, сонголтонд анхаарал тавьдаггүй, хэнэггүй, тоомсоргүй зангаасаа болж олон өвчний үүдийг сайн дураар нээж өгдөг.
Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогджээ. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг. Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явдаг. Овоолгыг жилээс жилд нэмж, муу орчныг нь улам дордуулах ажлыг л идэвхтэй хийхээс биш цэвэрлэж, хоргүйжүүлэх ажлыг хийдэггүй.
Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ?
Талх, боов, жимс, ногоо гэх мэт ургамлын гаралтай хүнс иддэг “жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны шингээгүй үлдэгдэл болон бусад хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол гаргах ёстой.

Тэгвэл яагаад зарим хүний өтгөн байнга хатаж, гэдсэндээ энэ их ачааг тээж явдаг юм бол?

Идэхэд л их учир бий. Гол эслэгийн эх үүсвэр болдог хальс хивгийг нь ялгасан, цавуулаг ихтэй цагаан, дээд гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамхай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн хэт цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд гэдэс дотрын хивс шиг гадаргуу цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана. Энэ шавдас нь хоног хугацаа өнгөрөх тусам аажим нэмэгдэж, идсэн хоол тэжээлээс биед шаардлагатай амин хүчил, эрдэс, аминдэмийн цус руу шимэгдэн орох замыг нь бөглөөд наалдсанаас хоол идсэний хэрэг гарахгүй. Биеийн 7 эрхтэн, систем дээрх чухал бодис, нэгдлүүдээр дутагдаж байнга өлсөж, цадахгүй болсноор хүн янз бүрийн хоолыг ам хуурайгүй үргэлжлүүлэн, мөн их хэмжээгээр бөөн идэж (craving), хэнхэглэж ч болно. Ингэснээр шавдас улам ихсэж, илүүдэл хоол тэжээлийн зүйл өөх болон хуримтлагдсанаас биеийн жин аажим тасралтгүй нэмэгдсээр байдаг. Өтгөн хатдаг зарим хүн амархан өлсдөг, их иддэгийн учир энэ юм. Их идэхийн хэрээр улам их хэрэгцээгүй хаягдал овоорч, байдал улам дорддог.
Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдгийг хэзээд санаж, амтны боол болохгүй, зохистой хооллолтын талаар мэдлэгтэй байж эрүүл амьдрах хэрэгтэй.
Харин эрүүл байдлаа хадгалахын тулд хоргүйжүүлэлтийг байнга хийх чухал. Хлорофиллоор баялаг хүнс (ногоон навчит ногоо) хэрэглэж байх нь гэдэс дотрыг хэрэгцээгүй үлдэгдлээс цэвэрлэх, цусыг цэвэрлэх, өтгөн хатахаас сэргийлэх, цусны холестерол, сахарын хэмжээг багасгах, жин бууруулах гэх мэт эрүүл мэндэд маш олон талын ач холбогдолтой байдаг.

Хоргүйжүүлэлт (Detoxification) гэж юу вэ?

Хоргүйжүүлэлт гэдэг нь биеэс хорт бодис (toxins)-ыг цэвэрлэх юмуу саармагжуулах эсвэл зайлуулах үйл явцыг хэлэх бөгөөд энэ үйл явцын дүнд илүүдэл салс, бөөгнөрөл давхар цэвэрлэгддэг байна. Эдгээр хорт бодисын ихэнх нь бидний идэж буй хоол хүнс, эмийн хэрэглээ, хурц болон архаг өвчний үед биед орж ирдэг. Харин биеийн дотоодод өөхнөөс үүснэ, ялангуяа исэлдсэн өөх тос болон холестерол, чөлөөт радикалууд, үрэвсэл үүсгэгч молекулууд нь хорт бодисын адилаар үйлчилдэг. Буруу хооллох, бүдүүн гэдэсний хөдөлгөөн багасах, үйл ажиллагаа алдагдах, элэгний үйл ажиллагаа муудах, бөөр, амьсгалын зам, арьсны ялгаруулах чадвар буурах зэрэг нь хордлогыг улам ихэсгэдэг.  Хоргүйжүүлэлт гэдэгт мөн хооллолт, амьдралын хэв маягаа өөрчлөх (хорт зуршлаа хаях, зөв хооллолтоор хорыг гадагшлуулах г.м)  багтдаг. Хоол хүнс болон бусад эх үүсвэрт агуулагдах химийн нэгдлүүд тухайлбал цэвэршүүлсэн хүнс, сахар, кафейн, архи, тамхи, янз бүрийн эмийн бодисуудаас зайлсхийх нь хорт бодис биед хуримтлагдах явцыг багасгадаг. Энэхүү зөв хооллолт, амьдралын хэв маягийн өөрчлөлт нь таны зөвхөн эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй амьдралын тань бүхий л хүрээнд эергээр нөлөө үзүүлнэ.

Хлорофилл гэж юу вэ?

Хлорофилл нь навчны ногоон өнгийг бүрдүүлэгч бодис юм. Гайхалтай нь  хлорофиллийн химийн найрлага нь хүний цусны улаан эсийн гем (цусны улаан өнгө үүсгэгч бодис)-н бүтэцтэй төстэй байдаг.  Энэ нь хлорофиллийг хүний биеийн бүх эд, эрхтэнд эмчилгээний чанартай үйлчлэхийг илтгэдэг. Тиймээс ч хлорофиллийг “ногоон цус” хэмээн нэрлэх нь бий. Хэрвээ бид хангалттай хэмжээний хлорофилл хэрэглэхгүй бол  стресст орох, цусны даралт ихсэх, үений хэрлэгт үрэвсэл, дархлаа муудах зэрэг асуудал үүсдэг. Хлорофилл нь мөн хөгшрөх үйл явцыг удаашруулах ач холбогдолтой байдаг. Хлорофилл нь голдуу ногоон болон шар өнгийн хүнсний ногоонд агуулагддаг.

Хлорофиллоор баялаг хүнсний ногоо:

Чинцай буюу цоохор майлз, алфалфа, ногоон болон хөх ногоон замаг (спирулина, хлорелла замаг), далайн замаг, далайн ургамлан хүнс, брокколи, бууцай, брюселль байцаа, буржгар байцаа, жууцай, хэрээн нүд, ногоон вандуй, ногоон шош, ногоон олив, петрушка; улаан буудайн өвс, арвайн өвс гэх мэт ногоон өвснүүд.

Saturday, May 18, 2013

Зөгийн бал хэнд аюултай вэ?


           Зөгийн бал нь олон талын ач тустай, ялангуяа хоолой өвдөхөд эмчилгээний чанартай байдаг ч 1 нас хүрээгүй хүүхдэд огт өгч болохгүй. Энэ бол маш том эрсдэл авчрах аюултай зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй.
1 нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгч болохгүй

Яагаад нялх хүүхдэд зөгийн бал өгч болохгүй вэ?

Нялх хүүхдэд зөгийн бал өгөхгүй байх нь нярайн ботулизм өвчнөөс (Clostridium botulinum нянгаар үүсгэгддэг, амьсгалын дутагдалд оруулж, улмаар үхэлд хүргэх аюултай) сэргийлнэ. Насанд хүрэгчдийн ботулизмаас ялгаатай нь хөрс болон зөгийн балнаас халдварласан ботулизмын нянгийн спор нялх хүүхдийн биед орсноор нээгдэн, ботулизмийн хороо ялгаруулж ноцтой өвчлөлийг үүсгэдэг.

Насанд хүрсэн болон том хүүхдийн биед эдгээр спор орсон ч онцын аюултай өвчлөл үүсгэдэггүй. Харин ихэвчлэн нэг хүртэлх насны хүүхдүүд зөгийн балнаас ботулизмын хороор хордох эрсдэлтэй байдаг. Эхний түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь хүүхдийн өтгөн хатдаг. Бусад онцгой аюултай шинж тэмдгүүдэд ерөнхийдөө сулбайх, хооллох чадвар алдалт (хөхөх чадваргүй болох), амьсгалын тогтолцоо бүхэлдээ саатсанаас сул дуугаар уйлах зэрэг ордог. Энэ тохиолдолд нярайд амьсгалын төхөөрөмж залгадаг ч эдгэрэх үйл явц маш удаан, хүнд байдаг. 

Тиймээс ч 1 нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэж зөвлөдөг. Харин хүүхэд нэг нас хүрэхэд ботулизмын спорын нөлөөнд тэсвэртэй болж, өвчлөх эрсдэл багасдаг.
Нярайн ботулизм үхэлд хүргэх аюултай

Дараах зөвлөгөөг ч бас мартаж болохгүй. . .


Гэхдээ ганц зөгийн бал өгөхгүй байхад л хангалттай биш гэдгийг санаарай. Ихэнх өглөөний бэлэн хоол, нарийн боов, талх, сүүмс зэрэг нь зөгийн балны орцтой байдаг учраас тэднийг мөн 1 нас хүрээгүй хүүхдэд өгөхгүй байх нь чухал.

Бидний хоолоо хийдэг ердийн температурт ботулизмын спор устдаггүй, иймээс ч боловсруулсан хүнсэнд зөгийн бал оруулахыг хориглодог байна. Мөн эрдэнэ шишийн сироп, төрөл бүрийн бурам зэрэгт ботулизмын спор агуулагдаж байж болзошгүй байдаг тул нялх хүүхдэд өгч болохгүйг санах хэрэгтэй.