Pages

Saturday, May 18, 2013

Зөгийн бал хэнд аюултай вэ?


           Зөгийн бал нь олон талын ач тустай, ялангуяа хоолой өвдөхөд эмчилгээний чанартай байдаг ч 1 нас хүрээгүй хүүхдэд огт өгч болохгүй. Энэ бол маш том эрсдэл авчрах аюултай зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй.
1 нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгч болохгүй

Яагаад нялх хүүхдэд зөгийн бал өгч болохгүй вэ?

Нялх хүүхдэд зөгийн бал өгөхгүй байх нь нярайн ботулизм өвчнөөс (Clostridium botulinum нянгаар үүсгэгддэг, амьсгалын дутагдалд оруулж, улмаар үхэлд хүргэх аюултай) сэргийлнэ. Насанд хүрэгчдийн ботулизмаас ялгаатай нь хөрс болон зөгийн балнаас халдварласан ботулизмын нянгийн спор нялх хүүхдийн биед орсноор нээгдэн, ботулизмийн хороо ялгаруулж ноцтой өвчлөлийг үүсгэдэг.

Насанд хүрсэн болон том хүүхдийн биед эдгээр спор орсон ч онцын аюултай өвчлөл үүсгэдэггүй. Харин ихэвчлэн нэг хүртэлх насны хүүхдүүд зөгийн балнаас ботулизмын хороор хордох эрсдэлтэй байдаг. Эхний түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь хүүхдийн өтгөн хатдаг. Бусад онцгой аюултай шинж тэмдгүүдэд ерөнхийдөө сулбайх, хооллох чадвар алдалт (хөхөх чадваргүй болох), амьсгалын тогтолцоо бүхэлдээ саатсанаас сул дуугаар уйлах зэрэг ордог. Энэ тохиолдолд нярайд амьсгалын төхөөрөмж залгадаг ч эдгэрэх үйл явц маш удаан, хүнд байдаг. 

Тиймээс ч 1 нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэж зөвлөдөг. Харин хүүхэд нэг нас хүрэхэд ботулизмын спорын нөлөөнд тэсвэртэй болж, өвчлөх эрсдэл багасдаг.
Нярайн ботулизм үхэлд хүргэх аюултай

Дараах зөвлөгөөг ч бас мартаж болохгүй. . .


Гэхдээ ганц зөгийн бал өгөхгүй байхад л хангалттай биш гэдгийг санаарай. Ихэнх өглөөний бэлэн хоол, нарийн боов, талх, сүүмс зэрэг нь зөгийн балны орцтой байдаг учраас тэднийг мөн 1 нас хүрээгүй хүүхдэд өгөхгүй байх нь чухал.

Бидний хоолоо хийдэг ердийн температурт ботулизмын спор устдаггүй, иймээс ч боловсруулсан хүнсэнд зөгийн бал оруулахыг хориглодог байна. Мөн эрдэнэ шишийн сироп, төрөл бүрийн бурам зэрэгт ботулизмын спор агуулагдаж байж болзошгүй байдаг тул нялх хүүхдэд өгч болохгүйг санах хэрэгтэй.